News

Эрх чөлөөгүй эрх чөлөө

2016 оны байдлаар Америкт бичиг баримтгүй 10.7 сая цагаачид  амьдарч байгаа нь 2007 оны 12.2 cаятай харьцуулахад эрс буурч буй нь илт. Англи хэл сурахаас эхлээд ажлын ёс зүйг ухамсарлаж, аливаа зүйлд цаг барих – юу эсийг нэрлэх билээ – Америкт ирснээр их зүйлийг бид сурч, мэдэж өөрчлөгддөг. Хэдий баярлаж, талархах нь энэ мэтээр их ч, энд ирсэн цагаачдын дийлэнх хувь нь нэг л зүйлд сэтгэл дундуур явдаг. Энэ бол эрх чөлөөгүй эрх чөлөө юм. Эрх чөлөөний их гүрэнд амьдарч байгаа ч эрх чөлөө гэгчийг бүрэн утгаар нь мэдрэлгүй олон хаврыг угтан бас үдэн суугаа хүмүүс энд сая саяараа бий. Бичиг баримтгүй гэх шалтгаанаар их сургуульд элсэх боломжгүйн дээр бусдаас илүү хөдөлмөрлөөд харьцангуй багаар өөрсдийгөө үнэлүүлэх нь бий. Ялангуяа гадаад дотоодод өндөр боловсрол эзэмшиж, нийгэмдээ идэвхтэй ажил эрхэлж явсан хүмүүст Америкт “хар ажилчин” болох нь амаргүй. Эх орондоо очоод ирэх эрхгүй, хүссэн үедээ үзэл бодлоо илэрхийлээд, хатуухан тэмцчихэж чадахгүйдээ цагаач иргэд цухалдах нь бий. “Гав, гинж байхгүй л болохоос гарч, орж чадахгүйгээ бодохоор яг л гянданд байгаа мэт. Нэг сайхан нартай өдөр эх орныхоо хөрсөнд гишгэж, хуй салхинд нь цээж дүүртэл амьсгалахсан” хэмээн санаа алдах нь олон.

Photo Credit: Fadian Fauth

Хүний нутагт амьдрах, аялаад буцахын дунд асар их ялгаа бий. Миний хувьд анх мастертаа сураад буцах хоёр жил маань ч хол санагдаж байсан бол Америкт ирээд даруй 8 жил өнгөрчээ. Зорилго, хүсэл мөрөөдөл дундарна гэж үгүй санж. Анх англи хэл сурахад л хангалттай байсан бол одоо Америкчуудын хийж бүтээж буй зүйлээс туршлага судлаад буцахсан гэх. Энэ бодол, хүсэл, мөрөөдөл maybe “шунал” энд байгаа олон цагаачдыг зовоож бас дээр нь амьдралын шаардлага нь энд уях нь бий. Pew Research Center зэрэг дэлхийд нэр хүнд бүхий Америкийн судалгааны агентлагуудын мэдээлснээс үзэхэд 2015 оны байдлаар 21 мянган монголчууд Америкт амьдарч байна. Үүний тал гаруй нь буюу 52% нь англи хэлтэй, 51% нь 10-аас дээш жил амьдарч байгаа бол 25-аас дээш настай монголчуудын 60-аас дээш хувь нь дээд боловсролтой (бакалавраас дээш) гэжээ. Pew Research Center-ийн тооцоолсноор Америк дахь монголчуудын 26.1% амьжиргааны түвшнөөс бага орлоготойд тооцогддог бөгөөд нийт монголчуудын амьдарч буй томоохон хотуудаар Chicago, Washington D.C. (тус бүр 3000), San Francisco болон Los Angeles (тус бүр 2000), Denver, New York болоод Seattle (тус бүр 1000) шалгарчээ.  

Соёлын шок + Хэл сурах аргаас

Дэлхий даяар тархан суугаа цагаачдын санал нийлэх бас нэг зовнил нь хэзээ ч тухайн нийгмийнхээ нэг хэсэг болж чадахгүй, түүнээсээ болж сэтгэл гундуу явах явдал юм. Амьдрал ахуйгаа эхлүүлсэн, ах дүү, аав ээж нь амьдарч буй газраа хүмүүс илүүтэй хоргодож, цагаач хувь заяандаа эвлэрэхгүй байх талтай. “Хүний нутагт байгаа бид илүүг хүсээд яах вэ, болж байгаадаа л залбирч явъя, ард үлдсэн хэдийгээ авч явъя” гэнэ. Гэвч тухайн нийгмийнхээ салшгүй нэг хэсэг болох хамгийн ойрын гарц бол хэлний мэдлэгээ дээшлүүлэх явдал юм.

Photo Credit: Ian Schneider

Америкт анх ирээд шинэ нийгэм, соёлын шоконд орж бас англи хэлээ бодож байснаас илүү хугацаанд сурах ёстойг ойлгохдоо би Facebook-ээр дуучин Бат-Оргилтой холбогдож байв. Түүнийг би 1998 онд хууль зүйн яаманд ажиллаж байхад нь яриа авч байсан үеэс мэднэ. Миний асуултад хариулах зуураа англи хэл дээр зогсолтгүй захиа (e-mail) бичээд суусныг нь тод санадаг юм. Зөвлөгөө авахаар шийдсэн маань ч үүнтэй холбоотой. Гол асуусан зүйлс маань өөр соёлтой, өөр хэлтэй, өөр үзэл бодолтой нийгэмд хэрхэн survive хийх болоод англи хэлээ богино хугацаанд хэрхэн дээшлүүлэх талаар зөвлөгөө авсан тэмдэглэлийн дэвтэр дээр минь байдаг. Гол утгыг хүргэвэл:

  • Эхний жил хамгийн хэцүү, шантарч болохгүй
  • Ном үзээд English-тэй болохгүй, хаа ч явсан хүмүүстэй сайн ярилц
  • Хэрэв сэтгэл бодол монголдоо байгаад байвал хэзээ ч хэл сурахгүй
  • Америкчуудтай адил сэтгэж, бодож байж хэл сурна
  • Америк олон найзтай болж, тэднийг ойлгох хэрэгтэй. Тэр нь хамгийн хэцүү
  • Чадахгүй ч гэсэн англиар бодож, монголоор ярихгүй байх
  • Монголчуудтайгаа уулзаад байвал наад нийгэмдээ уусч чадахгүйн дээр нутаг ус санагалзуулаад хэцүү байдаг

Одоо эргээд бодоход ноён Бат-Оргил бүгдийг базаад хэлээд өгсөн санагддаг. Би бас түүний зөвлөгөөг сайн дагаж, эхний 5-6 жилдээ ямар ч монгол сайт руу орж, монгол мэдээ үзээгүй. Гэр бүл, найз нартайгаа холбогдохоо эрс багасган, Facebook зэрэг сошиал хуудсуудаа хаан, мэдээ, киног англи хэл дээр үзэж чөлөөт цагаа өнгөрүүлж эхэлсэн нь миний хувьд зөв алхам болсон.

Соёлын шок гэдэг нь өндөр хөгжилтэй оронд ирээд бүгдийг гайхаж, шагшраад байгааг хэлэхгүй. Үүнд эх орон, элгэн саднаа санахаас эхлээд бусдад өөрийгөө хүссэн хэмжээндээ танилцуулж чадаагүй бухимдал ч багтаж болно. Иймд гадаадад байдаг дотны хүмүүсээ аль болох ойлгож, өсч дэвжин хөлөө олох хүртэл нь тэрхүү өөрөөрөө байх боломжийг өгч байх нь зөв юм.